Нэг еврогийн үнэтэй байшин хэрхэн эзнийхээ амьдралыг бүрэн өөрчилсөн тухай нэвтрүүлгийг “CNBC” телевиз цацжээ. АНУ-ын Калифорний оршин суугч Рубия Дэниелс 2019 онд Италийн дуудлага худалдаанд оролцож тус бүр нь 1 еврогийн үнэтэй 3 ширхэг орхигдсон байшин худалдаж авчээ.
Дэниелс эртний 3 хүслээ биелүүлэхийн тулд Сицили арлын Муссомели хотод эдгээр байшинг авсан аж. Түүний 3 хүсэл бол хотын гадна зуслантай болох, зоогийн газар нээх, эрүүлжүүлэх төв ажиллуулах. Тэрбээр өөрөө барилгын ажлын хангалттай туршлагатай юм байна.
“Энд хүмүүс архи их ууж тамхи татаж нүүрс ус хэрэглэдэг хэрнээ илүү урт насалдаг. Энэ нь стресс багатай амьдралтай холбоотой байх. Сицилид нийгмийн амьдрал маш чухалд тооцогддог, хүмүүс ч их идэвхтэй. Энэ бүхэн урт наслалтад нөлөөлдөг биз. Миний хувьд хамгийн том асуудал бол нүүрс усны хэмжээ. Харин бусдаар энд амьдрал сайхан байна” хэмээн Дэниелс хошигнов.
Дэниелс хотын гадна зуслангаа засварлаж тохижуулахад 35 мянган доллар зарцуулсан аж. “Цар тахлын үед амьдралаа өөрчилж таарсан ч бид өмнөхөөс илүү аз жаргалтай байгаа. Орон нутгийн амьдралын хэв маягийг дагаж огт стрессгүй аж төрдөг. Бид өмнө нь Калифорний Бэй булангийн хавьд байхад манай гэр бүлийн 4 гишүүн тав тухтай амьдрахын тулд жилд 300 мянга гаруй долларын орлого олох ёстой байв. Амьдралын өртөг өндөр байх тусам стресс их. Иймээс л америкчууд хэт ядарч цуцдаг, улмаар нийгмийн харилцаа холбоог дэмжих, хувийн хобби сонирхолдоо бага цаг зарцуулдаг бололтой” гэж тэрбээр ярилаа.
Сонирхуулахад, Муссомели хотод 9900 хүн амьдардаг. Сицили арлын энэ хотын оршин суугчид дэндүү амгалан амьдралтай гэж болно. Тэд өдөр бүр 12-16 цагт үдийн хоолоо иддэг, эсвэл унтдаг. Орой ихэнхдээ гэр бүлээрээ үдшийн зоог барьдаг уламжлалтай. Сициличүүд ер нь 21 цагаас шөнө дунд хүртэл найз нөхдийн хүрээнд цаг нөхцөөдөг.
Нэмж өгүүлэхэд, Америктай харьцуулахад Италид амьдралын өртөг бага, чанар өндөр. Ресторанд сайхан хооллоход 10 евро, Италиас Европоор нисэхэд 50 евро ч хүрэхгүй.
#МЦогзолмаа орчуулав.
€1-гийн Итали орон
2024-5-08
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.