#FreeAssangeNOW #NoExtradition
Дэлхийн хамгийн алдартай улстөрийн хоригдол, “Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Лондоны Дээд Шүүхэд ялалт байгуулсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Тэрбээр өөрийг нь АНУ-д шилжүүлэх тухай шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй болжээ. “Жулиан Ассанжийн эсрэг улстөрийн зорилгоор хэрэг үүсгэсэн.... Хэрэв Ассанжийг АНУ-д албадан шилжүүлэх юм бол түүнийг хүн бусын нөхцөл хүлээж байгаа” гэж Ассанжийн өмгөөлөгчид мэдэгдлээ.
АНУ-ын эрх баригчид болон Пентагоны гэмт хэргүүдийг илчилж, өөр олон эмзэг сэдвийг хөндөн дэлхий дахинд цацсаныхаа төлөө олон жил хоригдож буй Жулиан Ассанжийг анх Швед улс 2010 онд Ассанжийг хүчингийн хэрэгт буруутгаж мөрдөж мөшгиж эхэлсэн юм. Үүнд Америк гүрний дарамт шахалт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж тухайн үед олон ХМХ бичиж байлаа. Ийм учраас Ассанж 2011 оноос Лондон дахь Эквадорын Элчин яамын байранд толгой хоргодох болжээ. Тэрбээр дэлхийн 21 орноос улстөрийн орогнол хүссэн боловч 1 ч улс нааштай хариу өгөөгүй. Ассанж гэхдээ Орос гүрнээс орогнол хүсээгүйг энд дурдъя, хэрэв тэгсэн бол мань эр нөгөө Эдвард Сноуден шиг одоо тэнд эрүүл саруул, гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдран суух ч байсан юм билүү?
Даян дэлхийн нүдийг нээж мянга мянган нууц баримтуудыг дэлгэн ардчилал ярьсан Америкийн үнэн нүүр царайг илчилж зүрхэлсэн түүнийг өмөөрөх 1 ч орон олдсонгүй, бүгд Америк гүрнээс айжээ.... Эквадорын эрх баригчид 2018 онд Ассанжийг орогнуулах зөвшөөрлөө цуцалсан. Дараа нь буюу 2019 оны 4 сард Английн цагдаа нар түүнийг баривчлав. АНУ-ын тухайд, энэ улс анх Ассанжийг ганцхан зүйлд буюу төрийн компьютерт нэвтрэх хуйвалдан зохион байгуулсан гэж буруутгаж байлаа. Гэвч Америкийн эрх баригчид удалгүй түүнийг тагнуул хийж цэргийн нууц задруулсан, нууц мэдээлэл тараасан гэх зэргээр яллаж 17 зүйл анги нэмснээр барахгүй заавал өөрсдөд нь шилжүүлж өгөхийг Англиас шаардсаар байна. Англи хэрэв сая Жулиан Ассанжийг Америкт өгөх шийдвэр гаргасан бол тэр шууд 175 жилийн хорих ял авах байв.
#МЦогзолмаа орчуулав.
Reuters: Ассанж энэ удаа яллаа
2024-5-21
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.