Image description
Итали улс вакцинд хамрагдаагүй хүмүүст тавих шаардлагаа чангалсан тухай “The Evening Standard” сонин мэдээллээ. “COVID 19”-н эсрэг вакцин хийлгээгүй хүмүүс энэ долоо хоногоос эхлэн 2022 оны 1-р сарын 15 хүртэл музей, театр, зочид буудал, баар зоогийн газраар үйлчлүүлэх эрхгүй, нийтийн тээвэр ашиглаж болохгүй гэх зэрэг шинэ, хатуу хязгаарлалтад оржээ. Эрх баригчид ийм хатуу, чанга арга хэмжээний дүнд өвлийн улиралд эрүүл мэндийн системд ирэх ачааллыг бууруулахын зэрэгцээ вакциныг эсэргүүцэгчид аажмаар вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ гэж найдаж байгаа аж. Италийн цагдаа энэ даваа гарагаас эхлэн баар зоогийн газар, нийтийн тээвэр, зочид буудал зэрэгт эргүүл хийж үйлчлүүлэгчид “супер” ногоон үнэмлэхтэй эсэхийг шалгаж байна. Супер ногоон үнэмлэх бол коронавирүсийн эсрэг вакцин тариулсан, эсвэл саяхан ковид тусч эдгэрсэн хүмүүст олгодог баримт. Уг нь Италид вакцинжуулалтын түвшин хөрш орнуудынхаас өндөр, гэсэн ч одоо хүртэл 3,5 сая иргэн коронавирүсийн эсрэг вакцин хийлгээгүй ажээ.
“Цар тахал 2 жил үргэлжилсний дараа бид одоо сургуулиудаа хааж чадахгүй, эдийн засгийн үйл ажиллагаагаа зогсоох боломжгүй. Иймээс тогтвортой арга хэмжээ авах, эрүүл мэндийн паспортыг зөв ашиглах зэргээр вирүсийн тархалтыг тогтоон барихыг оролдож байна. Үүний дараа вакцинжуулалтад их найдвар тавьж байгаа” хэмээн Италийн Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Жанни Рецца мэдэгдлээ. Африкт "о
микрон" хувилбар дэгдэхээс өмнө Италид халдварын тоо аажим аажмаар нэмэгдэж эхэлсэн юм. Өнгөрсөн сараас өдөрт илрэх халдварын тоо 3 дахин нэмэгдсэн, үүний зэрэгцээ эмнэлэгт хэвтэгсдийн тоо ч ихэссэн. Өнгөрсөн 7 хоногт “омикрон” штаммын эхний тохиолдол бүртгэгдсэн тухай Италийн Эрүүл мэндийн яам мэдэгдсэн билээ. Зул сарын өмнөхөн ийм нөхцөл байдал үүссэнд эрх баригчид их түгшиж байна, яагаад гэвэл энэ баяраар хүмүүс улс орон даяар аялж найз нөхөд, хамаатан садан дээрээ айлчилдаг уламжлалтай. Цар тахал дэгдсэнээс хойш Итали улсад 5 сая гаруй хүн коронавирүсийн халдвар авч 134 мянга гаруй хүн энэ өвчнөөр өнгөрчээ. Энэ үзүүлэлтээр тус орон Европт 2-т орж байна, Английн дараа. 
Европын олон орон вакцингүй иргэдэд дээр дурдсантай төстэй хязгаарлалт тавьсан. Жишээ нь Германы Засгийн газар өнгөрсөн 7 хоногт вакцингүй иргэдээ театр, кино театр, баар зоогийн газар, хүнсээс бусад дэлгүүрт орохыг бүрэн хориглосон юм.